Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  Өвөр Монголын дээд удирдах хүмүүсийн “Тогтвортой байдлыг сахиулах” ажиллагааны үнэн төрх нь хууль бус үйлдэл
   
Өвөр Монголийн Хүний Эрхийн Мэдээллийн Өрmөө
2014 оны 9-р сарын 22-ийн өдөр
Нью Йорк хоm
 
[click here for original Chinese text]
 

 
Түүний гэр бүлийг сүүлийн 19 жилийн турш Хятадын засгийн газар тасралтгүй тагнаж, мөшгиж байгаа тухай  Шина ярьсан юм (SMHRIC)  
Энэ нийтлэл нь олонд алдаршсан Өвөр монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Хадаагийн гэргий Шинагийн ярианы бичлэгээс эхтэй, англи хэлнээс орчуулсан мэдээлэл юм. Түүний гэр бүлийг сүүлийн 19 жилийн турш Хятадын засгийн газар тасралтгүй тагнаж, мөшгиж байгаа тухай  Шина ярьсан юм.

   Өнөөдөр 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр. Саяхнаас эхлэн Өвөр Монголын засаг захиргааныхнаас явуулж буй биднийг цагдан, хавчиж мөрдөн, мөшгих ажиллагаа улам гаарах болов. Зөвхөн биднийг алхам бүрт айлган сүрдүүлж, дарамтлаад зогссонгүй, манай өмгөөлөгчийг хүртэл заналхийлж, Хадааг эргэх эрхийг маань хүртэл үгүйсгэх болов. 8-р сарын сүүл үед Өвөр Монголын захиргааны Улс төр, хуульзүйн хороо болон Нийгмийн аюулгүй байдлын хорооноос тус бүр нэг нэг мэргэжилтэн томилолтоор Бээжин рүү нисч очин, манай өмгөөлөгч Хасыг айлган сүрдүүлсэн байна. Ийнхүү заналхийлэхдээ намайг дахин гэмт хэрэг хийсэн тул тун удахгүй баривчлагдана. Харин ийм хэрэг хийхэд хүргэсэн учраас Хас хамт шийтгүүлэх болно хэмээн маш зандрангүй захиргааджээ. 

   Харин хэд хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 16-ны өдөр манай хүү Үйлс аавыгаа эргэх хүсэлт гаргасныг Өвөр Монголын Нийгмийн Аюулгүй Байдлын Хорооны дэргэдэх Үндэсний Аюулгүй Байдлын суманг илт шударга бус байдлаар эсэргүүцэж, миний хүүгийн аавтайгаа уулзах эрхийг бүдүүлгээр хязгаарлав. Тус суман Хадааг баривчлан, шоронд хорих ажиллагааг гардан хэрэгжүүлсэн юм.  Миний хүүгийн хүсэлтийг ийнхүү хязгаарласан нь намайг интернетэд дээд удирдлагуудын эсрэг утгатай сэтгэгдэл бичсэнээс болсон гэж тэд тайлбарлав. Хадааг одоо хорьж байгаа “хар шоронд” хууль, эрхзүй огт үйлчилдэггүй бололтой. Өмнө нь Хадаагийн хоригдож байсан төв шоронд хоригдогсдын ар гэрийнхнийг сард хоёр удаа очиж, уулзахыг зөвшөөрдөг байсан. Харин одоогийн хоригдож байгаа “хар шорон”-д бидний уулзах эрхийг тодорхой шалтгаангүйгээр хязгаарлаж байна.

   Сүүлийн олон сарын турш намайг болон миний хүүг цагдан, мөрдөх ажиллагаа улам бүр гаарсаар байна. Засгийн газрын удирдах хүмүүсийн даалгавраар намайг баривчилж, цагдан хорих гэж байгаа тул тэдний энэ шударга бус байдлыг, хүү бид хоёрыг хэрхэн хүнд нөхцөл байдалд оруулж байгааг нь, түүнчлэн Улс төр, хуульзүйн хэрэг эрхлэх хороо болон нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хорооны увайгүй үйлдлийн талаар олон улсад мэдээллэх нь зайлшгүй шаардлагатай гэж би бодож байна.

  Өнгөрсөн хавар намайг Ши Жинпинд нээлттэй захидал бичиж илгээсний дараа уг захидлыг олон нийтийн хэвлэлд нийтэлж, удаан хугацаанд таслаад байсан манай гэрийн интернет болон утсан холбоог гэнэт буцаан холбосон.  Би үүнд маш их баярлаж, интернетээр найз нөхөдтэйгөө холбогдон, олон цахим хуудастай танилцаж билээ.  Түүнчлэн хуучин танилаас гадна олон шинэ хүмүүстэй танилцаж, найз нөхөд болохын зэрэгцээ нэлээд мэдээлэлтэй болсон. Өвөр Монголын засгийн газар энэ үед тайван ажиглан, харж байв. Олон нийтийн өмнө ялгаварлан дарамтлах, болон эрс хориглох, садаа болох нь илт багассан хэдий ч тэд манай гэрийн номын агуулахын ток таслах гэх мэтээр зориуд гэмтэл учруулж, биднийг ажлаа хийх боломжгүй болгох, бидэн рүү утастаж, агуулахын өрөөгөө хоосло хэмээн захиргаадах тохиолдол байдаг байв.  Ийм тохиолдолд ч бид захиргаадалтыг нь дарамт гэж үзэлгүй биелүүлдэг байлаа.

  Улс төрийн хувьд тэдний хандлага одоо бага зэрэг өөрчлөгдөж, Хадааг хуулийн хүрээнд давж заалдахыг зөвшөөрч байна. Давж заалдахыг урьд өмнө хэзээ ч зөвшөөрдөггүй байсан.  Хадаа одоо давж заалдах өргөдлөө бичиж байгаа.

  Урт түүхийг товчилж яръя.  Зургадугаар сарын эхэнд манай өмгөөлөгч Хас, миний хүү Үйлсийн хамт Хадааг эргэхдээ давж заалдах өргөдлийн тухай ярилцжээ. Удалгүй Хадаа 22 заалт, шаардлага бүхий нийт 29 хуудас өргөдөл захидал бичсэнийг Хас өмгөөлөгч уншиж үзээд Хадаагийн хувьд ямар заалтуудыг дутуу ойлгож, тодотгон тайлбарлалгүй үлдээж байгааг анзаарчээ. Тиймээс би өмгөөлөгчөөс энэ тал дээр туслахыг гуйж, Хадаа ч давж заалдах өргөдлөө дахин бичихээр шийдсэн юм.  Давж заалдах үндэслэл нь өнгөрсөн дөрвөн жилийн турш Хадааг хууль бусаар, шүүхийн шийдвэргүйгээр барьж, цагдан хорьж байгаа талаар гэр бүл  болон өмгөөлөгчийн үзэл бодол, тайлбар байх юм.  Энэ шударга бусаар байцаан шалгах ажиллагаа болон урьдын шийтгүүлээд 15 жил шоронд хорьсныг нэгэнт ял эдлэх хугацаа дууссан тул одоо давж заалдаад нэмэргүй биз. Шоронгоос гарсан хойно нь энэ талаар заалдаж болох байх.  Гэвч шоронгийн харуул, хуягууд болон Улсын Аюулгүй Байдлын Ерөнхий газрынхан зориуд будлиантай мэдээлэл өгч, Хадааг төөрөгдүүлж байгаагаас гадна өмнөх 15 жилийн турш түүнийг хэрхэн шоронд шударга бус хорьж байсныг илчлэх юм.  Өнгөрсөн дөрвөн жилийн дарамт шахалтын тухай уг захидалд ердөө хэдхэн хуудаст л дурдсан бий. Бид, өмгөөлөгчтэйгөө нийлж ярилцсаны дараа Хадаа  энэ бүхний учрыг сайн ойлгож, өөрийг нь төлөөлөн уг захидлыг үргэлжлүүлэн бичихийг өмгөөлөгчид зөвшөөрсөн. Зургадугаар сарын 8-ны өдөр манай хүү, өмгөөлөгч хоёр Хадааг эргэх үеэр Хадаа, өмгөөлөгч хоёр ярилцаад ингэж тохирсон юм.

  Зургаадугаар сарын 19-ний өдөр Улс төр, хуульзүйн хороо болон Нийгмийн аюулгүй байдлыг хангах товчооноос тус тус нэг дарга ирж, миний хүү Үйлстэй тусгайлан уулзав. Харьцангуй эелдэг байдлаар тэд хүүтэй минь дөрвөн асуудлаар ярилцлаа. Тэр дөрвөн асуудлын нэг нь Үйлс бид хоёр Хадаагийн давж заалдах өргөдлийн хувийг авч, олон улсад танилцуулж, харуулах зорилгоор түгээж үл болно гээд Хадаа одоогоор өргөдлөө хянан засварлаж, удахгүй дуусгаж шүүхэд танилцуулна гэжээ.  Үүнийг сонсоод би Хадаа руу зургаадугаар сарын 22-ны өдөр гэр бүлийнхээ сэтгэл санааны байдал, бодлыг өргөдөлдөө хэрхэн тусгах талаар бичсэн билээ.

Бичсэн захидлаа эх хувиар нь танилцуулъя. Үүнд:

Хадаа,

Энэ өдрийн мэнд!

Өвөр Монгол Улсын улс төр, хуульзүйн хэрэг эрхлэх хорооны тогтвортой ажиллагаа хариуцсан газрын дарга манай хүү Үйлстэй ярилаа. Чамайг давж заалдах өргөдлөө бичээд дууссан, хянан засварлаж байгаад энэ долоо хоногт багтаан өгөх гэж байна гэлээ. Үйлс, өмгөөлөгч хоёр хамгийн сүүлд чамайг эргэхдээ энэ тухай ярилцаад өмгөөлөгчөөр өргөдлөө бичүүлэхээр болсон хэр нь яагаад гэнэт ийн шийдэж өөрөө бичиж байгааг ойлгохгүй байна.  Чиний төлөө миний санаа зовж байна. Яагаад бидний шийдвэр хэдхэн өдрийн дотор ийм хурдан өөрчлөгдөв? Давж заалдах өргөдлийн тухайд бол бас ийм хоёр нөхцөл болзохыг бүү мартаарай.  Үүнд: 1. Давж заалдах өргөдлийн нэг хувийг гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчдөө өгч, зөвлөлдөх; 2. Давж заалдах өргөдлийг шүүн хэлэлцэх ажиллагааг Хятад улс болон хилийн чанадад зэрэг эхлүүлэх.  Хятад улсын шүүхийн дээд албан тушаалтнууд миний давж заалдах өргөдөлтэй холбоотой манай гэр бүлийн дуу хоолойг үл ойшоох, тэднийг үзэл бодлоо илэрхийлэхийг болиулах, саад болохгүй байх. Эдгээр болзлыг шүүх биелүүлэх боломжгүй байвал чиний давж заалдах өргөдөлд тэд нөлөөлөхийг хичээж байгаа нь илт байна. Тийм биш үү?  Тиймээс давж заалдахаа яаралгүй хэдэн сараар хойшлуулж, оны сүүлээр шоронгоос суллагдсаны дараа бичвэл яасан юм бэ? Хуулийн хүрээнд өргөдөл гаргах нь иргэн хүний эрх шүү дээ.  Энэ чухал үед чамайг сайн бодож, ухаалаг зөв алхам хийгээсэй, санамсаргүй хайхрамжгүй байж байгаад гоомой шийд гаргаж, ирээдүйгээ хүндрүүлэхгүй байх гэж найдаж байна.  Түүнчлэн эрүүл мэндээ бодож, биеэ тордож байгаарай.  Суллагдсаны дараа хэрэг болох тул юм их уншиж судлахаа үргэлжлүүлээрэй.  Мөн энэ захидалд минь хариу бичээрэй.  Бидэнд санаа зоволтгүй, бид сайн сууж байгаа.

Хүндэтгэн ёсолсон!

Эхнэр Шинна чинь,

2014-06-22

Манай өмгөөлөгч бичих байсан өргөдлийг шүүх яагаад Хадаагаар өөрөөр нь бичүүлэх болсон талаар би тайлбарлая.  Хадааг шударга бусаар, шүүх таслах ажиллагаа явуулалгүй шууд хилсээр барьж хорьсон хэргийн хариуцлагыг хүлээх газар нь энэ удаад бол Улс төр, хуульзүйн хороо болон Нийгмийн аюулгүй байдлыг хангах товчоо гэсэн хоёр байгууллага юм. Тиймээс тэд энэ хариуцлагаас мултрахын тулд Хадаатай аминчлан уулзаж, сүүлийн дөрвөн жилийн турш үйлдсэн бусармаг хэргээ нуух санаатайгаар түүнийг урьдах 15 жилийн шоронд хоригдсоноо л онцолж бичих хэрэгтэй гэж албадаж байгаа ажээ.  Учир нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн тэдний хэргийн тухай дэлгэвэл энэ нь тэднийг шүүхэд өгч байгаагаас ялгаагүй болох юм. Гэвч гэр бүлийн хүн би болон манай өмгөөлөгч бид энэ дөрвөн жилийг онцлох болсон нь тэдний үйлдэл бүр дэндүү бүдүүлгээр хууль зөрчсөн явдал юм. Тиймээс бид Улс төр, хуульзүйн хороо болон Нийгмийн аюулгүй байдлыг хангах товчоо гэсэн хоёр байгууллагын эсрэг давж заалдана. Тийм учраас л тэд Хадаагаар өөрөөр нь өргөдөл бичүүлж, зөвхөн өмнөх 15 жилийн шоронд хоригдсоныг дурс гэж ятгаад байгаа юм. Хадаа тэдний ятгалганд орох хүртэл болсон нь түүний сэтгэлзүйг хэрхэн дарамталж байгааг бас илтгэж байна. Шоронд хилс суусан 15 жилийн дараа түүний оюун санаа нь тогтворгүй болж, нэлээд хэмжээгээр сэтгэлзүйн эмгэгтэй болсон нь бидэнд мэдрэгдсэн. Дээрх хоёр байгууллага энэ байдлыг далимдуулан өөрсдийн хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээхээс мултрахыг санаархаж байна. Харин миний хүү бид хоёр тэдэнд амар хууртахгүй.

  Долдугаар сарын 1-ний орой, манай гэр бүлийн найз Энхбат АНУ-аас утсаар ярьж, АНУ болон БНХАУ-ын хоорондох Хүний Эрхийн Чуулга уулзалтын урьдчилсан хурал маргааш болох тул Хадаагийн нөхцөл байдал одоо ямар байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Би тэр шөнөжин суугаад өмгөөлөгчийнхөө бичсэн өргөдөл захидлыг эмхэтгэн, бидний албан ёсны захидал болгож дуусгасан. Ингээд дараагийн өдөр нь хүүдээ аавыгаа эргээд, энэ захидал дээр гарын үсэг зуруулаад ир гээд явуулсан.  Гэтэл албаны хүмүүс дахин саад хийж, хүү маань аавтайгаа уулзаж чадаагүй юм.  Тэр үед азаар өмгөөлөгчтэйгөө холбогдож, хилс хэрэгтний гэр бүлийн гишүүд төлөөлөн өргөдөл гаргах эрхтэй юм гэдгийг ойлгов. Тиймээс бид давж заалдах өргөдлөө гомдол хүсэлт илэрхийлэх хэлбэрт өөрчилж бичээд тэр шөнөдөө явуулсан. Захидлаа бид “ Ерөнхийлөгч Ши Жинпин болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Их хурлын Хороонд хандаж бичсэн захидал” гэж хаягласан. Уг захидлыг долдугаар сарын 2-нд интернетэд тавьсан байна билээ. Тиймээс энд дэлгэрэнгүй тайлбарлах нь илүүц биз.

  Ингээд захидлаа явуулсны дараа нөгөө хоёр байгууллагын балмад, хэрцгий авир биднийг дахин зовоож эхлэв. Өвөр Монголын Улс төр, хуульзүйн хороо болон Нийгмийн аюулгүй байдлыг хангах товчоо энэ хоёр байгууллагыг өнөөдөр олон нийт шүүмжилж, жигшиж эхэллээ. Тэдний хяналт, саадыг даван туулж, захидлаа гадагш нь илгээсний төлөө Өвөр Монголын дээд удирдах газрууд бидэнд маш их дургүйцэж, улам бүр хэрцгий хандах болов.  Мөн шинээр мөрдөн цагдах, айлган сүрдүүлэх ажиллагааг ч эхлэв.

   Долдугаар сарын 10-ны өдөр Үйлс аавтайгаа уулзах хүсэлт гаргаж утастсан боловч дуудлаганд хэн ч хариу өгөхгүй байлаа. Олон удаа дуудсаны эцэст нэг хүн утас авч дараа долоо хоногт утаст гэв. Долоо хоногийн дараа нэлээд их хүндрэл чирэгдэл болсны эцэст Үйлс аавыгаа эргэх боломжтой болов. Ингээд хамгаалалтын шалган өнгөрөх үед Үйлсийг нэгд нэгэнгүй нэгжиж, үзээд бүр дотуур хувцсыг нь хүртэл тайлж, бичиг захидал авч яваа эсэхийг нь шалгасан байна. Биднийг гомдол хүсэлт гарган захидал явуулсныг дуулаад Хадаа маш их баярлаж, Үйлсийг дараа эргэхдээ захидлын хувь авч ирэхийг хүссэн юм.  Ингээд хүссэн ёсоор нь бид дараагийн эргэлтээрээ захидлын хувь түүнд хүргэх гэсэн боловч Улсын аюулгүй байдлын хорооныхон боломж огт өгөхгүй саад хийж байна. Хадаа одоо хүртэл захидлын эхийг хараагүй сууна.

   Долдугаар сарын 11-нд Бээжин хотоос Улсын Аюулгүй байдал хангах газрын дээд удирдлага манай өмгөөлөгч Хастай утсаар ярьж, түүнийг өнгөрсөн жил АНУ-д зорчих үедээ ярих ёсгүй юм ярьсан, уулзах ёсгүй хүнтэй уулзсан байна хэмээн сүрдүүлжээ. Хас хариуд нь ямар үг хэлэх ёсгүй, хэнтэй уулзах нь буруу байсныг лавлаж, уулзах ёсгүй хүмүүсийн жагсаалт байвал үзүүлэхийг хүсчээ. Гэтэл утсаар ярьсан хүн зөвхөн даалгавар биелүүлж ярьж байгаа учраа л хэлээд үргэлжлүүлж юм асуугаагүй ажээ. Үүний ард Өвөр Монголын засаг захиргааныхан байгаа нь илт байв.

   Наймдугаар сараас хойш Өвөр Монголын удирдлага улам дээрэнгүй боллоо.

   Есдүгээр сарын дунд үеэс хойш 8-р сараас эхэлсэн тэдний бусармаг үйлдлийн талаар би он сар өдрөөр нь интернетэд бичиж эхэлсэн тул энэ бүхнийг дахин нуршилгүй, зөвхөн хураангуйг танилцуулъя.

 Наймдугаар сарын 11-нд, бидний хоёр гар утсаар гэнэт сүрдүүлэв;

Наймдугаар сарын 15-нд цахим мэдээллийг хянан байцаах цагдаа манай гэрийн хаалга тогшиж, намайг хууль бус мэдээлэл гадаадын вэб хуудсанд бичиж, интернетэд тавьж байгааг анхууруулав. Би тэднээс энэ талаар нотолгоо бий юу гэж асуухад дараа нь харуулна гээд таг чиг болов.

Наймдугаар сарын 17-нд манай гэрийн интернет холболт тасарлаа. Би интернет ашиглах нэгжтэй зарт авч хэрэглэж эхэлтэл удалгүй мөн картыг ч блоклов. Түүнээс хойш надад гэрээсээ интернет ашиглах өөр боломж байхгүй тул гадуур гарч, утасгүй холболттой газраас интернет орж байгаа.

 Гар утсаар минь айлган сүрдүүлж, интернет холболтыг маань тасаллаа. Ийм үйлдэлдээ холбогдох байгууллагууд ямар ч тайлбар, мэдэгдэл хийгээгүй юм шүү.

Наймдугаар сарын 21-25-нд Шон Шуайн Замын цагдаагийн газраас намайг интернетээр хууль бус мэдээлэл түгээж байгаад хариуцлага тооцно гэж дайрав. Намайг баримт нотолгоогоо харуулна уу гэж хүсэлт гаргаснаар тэд намжив. Гэвч удалгүй шүүх хэлтсээс ярьж, мөрдөн шалгах ажиллагаагаа тэд нарийвчлан явуулна гэдгээ мэдэгдээд, үүнээс хойш намайг тэдний чанд хяналтанд байх болсныг хэлэв.

 Надад тавьж буй хориг нь дараах зүйлс болно. Үүнд:

[I] Долоо хоног бүр утсаар тэдэнд тайлагнах; Мөн тайланг биеэр ирж уулзан, өгнө. Түүнчлэн сар бүр бичгээр тайлан гаргаж тушаана. Долоо хоногийн чөлөө авах бол заавал Шүүхийн хэлтэст ирж зөвшөөрөл авна. Харин долоо хоногоос их, бүтэн нэг сараас бага хугацааны чөлөө авах бол орон нутгийн шүүхийн хэлтэс рүү очиж өргөдлөө танилцуулах ба зөвшөөрөл өгөх эсэхийг дүүргийн шүүхийн хэлтэс шийдвэрлэнэ.  Түүнээс хойш удалгүй тэр байцаагч дахин надтай холбогдож, гэрээ хэлцэл байгуул гэж албадсан тул дараах нөхцлийг болзож ийн гэрээ байгуулав.  Миний тавьсан болзол нь:

Миний болзол, өчиг:

1. Намайг мөрдөн шалгаж байгаа нь хилс бөгөөд шударга бус тул холбогдох газарт нь гомдол гаргав.

2. Шүүхийн хэлтсийн эрх үүргийг би ойлгож байгаа тул хүндэтгэн үзэж тавьж буй шаардлагын дагуу хамтарч ажиллана. 

3. Өвөр Монголын Улс төр, хуульзүйн хороо болон Нийгмийн аюулгүй байдлыг хангах товчоо хоёр намайг шоронгоос суллагдсан өдрөөс эхлэн үргэлж айлган сүрдүүлсээр, өнөөдөр энэ нь бүр гаарч, дэндэж байна. Утсаар сүрдүүлж, интернет холболт тасалж, амьдралыг минь харанхуй болголоо. Тиймээс холбогдох газрууд манай гэр бүлийн эсрэг дараалсан бусармаг арга хэмжээ авч байгааг нь би эсэргүүцэж байна.

Хүндэтгэсэн,

Шинна

2014 оны наймдугаар сарын 26

  Ердөө л холбогдох байгууллагуудын мөрдлөг, цагдалт хэрээс хэтэрснийг интернетээр илэрхийлсний төлөө л ингэж утсаар, бас интернет таслах хэлбэрээр, эсвэл цагдаа, шүүхийн хэлтсийн дарамт үзүүлэх болсон хэрэг үү?  Тэдний үнэн нүүр төрхийг олон улст илчлэхээс тэд ичиж, сандраад байгаа бололтой. Тэд намайг дуугүй болгох бүхий л арга сүвэгчилж байна шүү дээ.

Наймдугаар сарын 28-нд Өвөр Монголын засгийн газар Улс төр, хуульзүйн хороо болон Нийгмийн аюулгүй байдлыг хангах товчооноос хоёр хүн Бээжин явуулж манай өмгөөлөгч Хасыг дахин айлган сүрдүүлж, дараах зүйлсийг хэлжээ. Үүнд:

1. Шинна олон нийтийг интернетээр турхирч, нэг намын ноёрхлыг дарахын төлөө нэгдэхийг уриалж байна. Энэ нь Коммунист намыг нураан, унагах гэсэн үг бөгөөд энэ үйлдэл нь гэмт хэрэг мөн. Шинна баривчлагдвал одоогийн 3 жилийн ял дээр нь 5 жил нэмэгдэнэ гэжээ.

2. Шиннагийн өмгөөлөгч та (Хаст хандан хэлж буй) интернетэд мэдээлэл бичиж түгээх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх мэтээр ойлгуулснаас болж Шинна манай Коммунист намыг шүүмжилсэн нийтлэл интернетэд тавьж байна. Та ийм ухуулгаа үргэлжлүүлэх юм бол таны хөдөлгөөнд бид хориг тавьж, таны эсрэг хэрэг үүсгэх болно.

3.  Өмгөөлөгч Хас гүтгэлгийг няцаахдаа дараах тайлбар хийв. Үүнд:

1) Миний хэлсэн бүхэн үндсэн хуулийн хүрээнд бөгөөд үүнийг хууль бус гэж үзэж намайг баривчлах бол эхлээд үндсэн хууль бичсэн хүмүүсээс эхэлнэ үү;

2) Шинна дахин баривчлагдахаасаа үл айна. Түүний нөхрийн ялын хугацаа дуусаагүй тул одоо ч шоронд байсаар байгаа. Хүү Үйлсийг хар тамхи биедээ авч явсан гэж гүтгэж байсан.  Тиймээс Шинна холбогдох дээд шатны удирдлагуудад олон удаа гомдол гаргаж байсан боловч та бүхэн түүний гомдлыг нэг удаа ч авч хэлэлцээгүй, тэр ч бүү хэл улам бүр цагдан мөшгөж, эдийн засгаар нь боомилох, улс төрийн хэлмэгдүүлэх ажиллагаа явуулж байна. Хэрэв Шинна баривчлагдвал ядаж л түүнийг үнэгүй хооллох байх. Тэгвэл түүний амьдрал энэ талаар бага ч гэсэн тайван болох нь.  Шоронгоос гарснаас хойш утсаар сүрдүүлэх, интернетийг нь хаах, цагдаа ирж цагдах, айлгах, шүүхийн байгууллагын дарамт шахалт ээлж дараалсаар байгаад түүний амьдралыг нурааж гүйцлээ шүү дээ. Шиннаг ингэж сэтгэл санааны гүн дарамтанд оруулсан шалтгаан нь та нарын л үйлдэл юм шүү дээ. Энэ гэр бүлийг үргэлж ингэж цагдан, мөрдөж байгаад хэзээ нэг цагт хуулийн хариуцлага тооцогдох л байх.

Манай өмгөөлөгч Хас тэдний сүрдүүлгээс айгаагүй юм.

Миний хүү Үйлс намайг баривчлуулахаас болгоомжилж ганцаар минь орхиж явахаа болив.  Харин сүүлийн хэдэн өдөр заналхийлж сүрдүүлэх нь багассаны далимд аавыгаа эргэх хүсэлт гаргаад байна.

Есдүгээр сарын 18-нд Үйлс маань Хадаагийн асуудлыг хариуцдаг Улсын аюулгүй байдлын анги руу утастаж, аавыгаа эргэх хүсэлтээ уламжлав.  Гэтэл “ээж чинь манай байгууллагыг шүүмжилсэн мэдээлэл интернетэд тавьж, дарга нарын дургүй хүргэсэн учраас татгалзаж байна” гэсэн авцалдаа муутай хариу өглөө. Ингээд шоронд байгаа аавыгаа эргэх боломжгүй болов. Миний хүү “ээжийн үйлдэл яагаад хүүгийн аавтайгаа уулзах хүсэлтийг тушиж, саад болдог юм бэ?” гэж асуусан ч цаад тал утсаа салгаж, би ч хэлэх үггүй болсон. Энэ бүхэн намайг Өвөр Монголын удирдах байгууллагууд хэрхэн эрх мэдлээ буруу ашиглан,  хууль зөрчиж байгааг илчилснээс болсон хэрэг.

  Эцэст нь хэлэхэд Өвөр Монголын удирдах байгууллагуудын үйлдлийг хуулийн хүрээнд харвал “тогтвортой байдлыг сахиулах” нэрийн дор тэд хуулийг бүдүүлгээр зөрчин уландаа гишгэж буй юм. Тэдний “Тогтвортой байдлыг сахиулах” ажиллагааны үнэн төрх нь хууль бус үйлдэл болж байна. 

(Өвөр Монголийн Хүний Эрхийн Мэдээллийн Өрmөө Англи хэлнээс Монгол хэлнээ орчуулав)

 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us